Мэргэжил сонголт гэдэг насан туршийн амьдралын учир утга, санасан бодсоноо хэрэгжүүлэх боломж, ажилтай, орлоготой байх нөхцлийг бүрдүүлэх анхны хариуцлагатай алхам юм.
Сайтар судалж, бодит байдалд нийцсэн, алсыг харсан сонголт амжилт авч ирдэг. Таныг сэтгэлийн хөөрлөөр, бусдын нөлөөнд автаж, үндэслэлгүй, судалгаагүй өөрийн мөн чанар, чадвар боломждоо тохироогүй сонголт хийхээс сэргийлж дараах зөвлөгөөг санал болгож байна.
НЭГДҮГЭЭР АЛХАМ: МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛЭЭ СОНГО.
Хүн төрөлхтөн одоогийн байдлаар 40000 гаруй мэргэжлээр бие биедээ үйлчилгээ үзүүлж байна гэсэн дүгнэлт байдаг. Эдгээр мэргэжлийг харилцах чиглэлээр нь дараах 5 үндсэн хэсэгт хуваадаг. Үүнд:
1. Хүнтэй харилцдаг мэргэжлүүд / цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, мэдээлэл, соёл сурталчилгааны ажилтан, хилийн алба, мөрдөн байцаагч/
2. Техниктэй харилцдаг мэргэжлүүд /шүүх шинжилгээ, гамшгаас хамгаалах алба, гал түймэртэй тэмцэх алба, замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба гэх мэт инженер, техникийн чиглэлийн мэргэжлүүд/
3. Амьд байгальтай харилцдаг мэргэжлүүд /малын эмч , биологич, ой судлаач /
4. Тэмдэгт системтэй харилцдаг мэргэжлүүд /нягтлан бодогч, программ хангамж гэх мэт/
5. Уран сайхны дүртэй харилцдаг мэргэжлүүд /зохиолч, жүжигчин, дуучин гэх мэт/
Эдгээрээс өөрийн сонирхож буй мэргэжлийн чиглэлээ сонгож тодорхойл.
ХОЁРДУГААР АЛХАМ: БОДИТ БАЙДЛЫГ СУДАЛ.
Сонгосон мэргэжлийн чинь чиглэлээр бодит амьдрал дээр ажиллаж байгаа хүмүүстэй уулзаж, тухайн мэргэжлийн нийгэмд оруулах хувь нэмэр, ач холбогдол, давуу тал, мөн гарч болох хүндрэл бэрхшээл, эрсдэлтэй талуудын талаар ярилц.
ГУРАВДУГААР АЛХАМ: ӨӨРИЙГӨӨ СУДАЛ.
Өөрийнхөө юу хийж чаддаг, юу хийж чаддаггүй, юунд сэтгэл ханамжтай байдаг, юунд гонсойдог, илүү сайн хөгжсөн онцлогуудаа мэдэх хэрэгтэй. Чи юу хүсэж байна гэдгээ мэд. Үүний тулд мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж болно. Интернет болон бусад эх сурвалжид байгаа мэргэжил сонголтын сорилоор өөрийгөө сорьж үз.
ДӨРӨВДҮГЭЭР АЛХАМ: МЭРГЭЖИЛД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ СУДАЛ.
Аливаа мэргэжил тодорхой авъяас чадвар, нөөц боломж, сэтгэл зүйн онцлог шинж чанаруудыг шаарддаг. Иймээс сонгох гэж байгаа мэргэжил чинь ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мэргэжилтнээс ямар чиглэлийн мэдлэг, чадамж, авъяас сонирхол, хүсэл тэмүүлэл, сэтгэл зүйн хувийн онцлог чанаруудыг шаарддаг болохыг урьдчилан мэдсэн байх шаардлагатай.
Үүний тулд тухайн мэргэжилтнийг сонгон шалгаруулах талаар гарсан заруудтай танилцаж, мэргэжилтэнг сонгодог хүний нөөцийн мэргэжилтнүүдтэй ярилц.
ТАВДУГААР АЛХАМ: МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГУУЛИА СОНГО.
Дээрхи алхмуудыг амжилттай хэрэгжүүлж, мэргэжлийн сонголтоо хийсэн бол одоо ямар сургуульд элсэн орох вэ? гэдэг асуудал дээр анхаарлаа хандуулаарай. Учир нь чиний сонирхсон мэргэжлийг олгодог төрийн болон төрийн бус маш олон сургуулиуд байгаа.
Мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн чансаа, магадлан итгэмжлэл, багш нарын чансаа, сургалтын төлбөр, суралцах орчин нөхцөл, мэдээлэл технологийн хангамж одоо суралцаж буй оюутны амжилт, төгсөгчдийн мэргэжлээрээ ажиллаж буй хувь, номын санд буй номын хүрэлцээ, хамгийн гол нь суурь зохиолууд болон сүүлийн үеийн ном бүтээл, мэргэжлийн сэтгүүлүүд захиалдаг эсэх, оюутныг өөрийгөө хөгжүүлэх боломж олгодог эсэх, зөвхөн онол биш дадлагын ажилд анхаардаг эсэх, оюутны хөдөлмөрийн биржийг дэмждэг эсэх зэрэг зүйлсийг харьцуулан үзсэний эцэст сонголтоо хийх нь чухал.
Үүний тулд тухайн сонирхсон мэргэжлээр бэлтгэдэг их дээд сургуулиудаар зочилж, багш, оюутнуудтай нь уулз.
За эдгээр алхмуудыг хийсэн бол сонголт чинь мэргэн, мэргэжил чинь өгөөжтэй байх болно. Амжилт хүсье.