Монголчууд төрт ёсны 2225 жилийн түүхэн уламжлалтай бөгөөд анхны төрт улс нь МЭӨ 209 онд байгуулагдсан Хүннү гүрэн юм. Хүннү гүрний анхны хаан нь Модун шанью байсан бөгөөд хүчирхэгжилтийнхээ туйлд хүрч байсан үедээ умардад Байгал нуурын хойд эрэг, өмнө зүгт Хятадын цагаан хэрэм, баруун тал руугаа Ил Тарвагатай буюу Шиньжян, зүүн зүгт Хойд Солонгос хүртэлх өргөн уудам нутаг бэлчээр, олон арван улс, овог аймгуудыг эрхшээлдээ оруулж чадсан 

Төв Азид өөрийн ноёрхолыг 300 гаруй жил тогтоосон хүчирхэг гүрэн байсан юм. Одоогийн Хятадын нутагт тэр үед шинээр үүссэн Хан гүрэн Хүннү гүрэнтэй он удаан жил дайн байлдаантай явж ирсэн бөгөөд тухайлбал МЭӨ 200 онд 300 мянган цэргийн хүчээр Хүннү гүрэн рүү довтолсон боловч Хүннүчүүд уг довтолгоог няцаан Хан улсын хаан Гаодийг Пинчин хот (одоогийн Дайтун) орчимд долоо хоног бүслэн байлдаж, Хүннү нар энэ тулаанд Хан улсаас эрс хүчтэйгээ харуулжээ.Үүний дараа МЭӨ 198 онд Хан улс Хүннү улстай найрамдлын гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээ ёсоор Хан улс, Түмэн газрын Цагаан хэрмээс хойшхи газрыг Хүннүгийн хаан захирахыг хүлээн зөвшөөрсөн ба хэрмээс урдахь хэсгийг Хан улсын хаан захирахыг Хүннү улс мөн зөвшөөрчээ. Энэ тухай Хан улсын нэгэн айлтгал бичигт: "Урт хотоос (Цагаан хэрэм) хойш нум сум барьсан улс Шаньюгийн цаазийг дагасугай. Урт хотоос дотогш дээл малгайт улсыг би захирсугай" гэж Хан улсын хаан хүлээн зөвшөөрсөн гэжээ. Үүнээс гадна Хан улс жил бүр Шаньюд алт, магнаг торго, тариа будаагаар алба барих үүрэгтэй болжээ. 

Ийнхүү Хан улс 50-иад жилийн турш Хүннүд алба барьж байжээ. Мөн Модун шаньюд хааны ургийн гүнжийг хатан (яньжи) болгон өгч байсан баримт байдаг