Хууль зүйн үндэслэгээг тогтоох гэдэг нь эрх зүйн этгээд хооронд гарсан маргааныг шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхтэй холбогдсон арга ажиллагаа юм. Хууль зүйн үндэслэгээ тогтоох арга ажиллагааг хуульч, шүүгчид мэргэжлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэхийн зэрэгцээ эрх зүйн тогтолцооны хөгжлийг эрчимжүүлж, нэгдмэл бөгөөд цогц байдлыг төлөвшүүлэхийн тулд хууль тогтоогч ашиглана. Энэ нь шинэ хууль батлан гаргах эсхүл хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар илэрдэг гэж үздэг. Үүнээс үзвэл хууль зүйн үндэслэгээ тогтоох ажиллагаа илрэн гарах хоёр үндсэн хэлбэртэй байна гэж дүгнэж болно. Эдгээр арга ажиллагаа үндэсний эрх зүйн түвшинд өөр өөрийн онцлог процедур, арга ажиллагаатай боловч үндэслэгээ тогтоох нийтлэг чадварыг шаарддаг.

Хууль зүйн үндэслэгээ тогтоох ажиллагаа нь тухайн фактад үйлчлэх хэм хэмжээг тогтоохоос эхэлж үндэсний эрх зүйн онцлогт тохирсон бусад ажиллагаагаар үргэлжлэх цогц шинжтэй. Түүхэн талаас судалж үзвэл шүүгчид хууль хэрэглээний практикт гарах шийдвэр нь үндэслэлгүй, шударга бус, урьдчилан тооцоолоогүй үр дүн гарахаас урьдчилан сэргийлэх олон төрлийн арга зүйг ашиглаж ирсэн бөгөөд эдгээр арга зүй нь хууль хэрэглээний практикийг сайжруулан хөгжүүлэх, үр дүнд нь хууль тогтоох арга ажиллагааг сайжруулсан жишээ баримт олон бий. 

Хууль тогтоох, түүнийг хэрэглэх ажиллагаа олон төрөл дүрэм журмын нарийн, цогц мэдлэг чадвар шаардана. Нэгдүгээрт, эрх зүйн нэрт сэтгэгч Роналд Дворкиний тодорхойлсон “хүлээн зөвшөөрөх хэм хэмжээ” (Rules of Recognition) буюу эрх зүйн хэм хэмжээг хэрхэн бүтээх, хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай авч үздэг. Үндэсний эрх зүйн түвшинд энэ хэм хэмжээ Үндсэн хуульд тогтоосноор илэрдэг бол олон улсын эрх зүйн түвшинд нэг буюу олон талт гэрээ хэлэлцээрийг соёрхон батлах арга ажиллагаа, үндэслэл, журмыг ойлгодог. Бусад дүрэм журмын хувьд Дворкиний тодорхойлсноор үүсгэх буюу тодорхойлох (Constitutive), зохицуулах (Regulatory), үр дагавар буюу хариуцлага (Consequential Rules)-ын хэсгээс бүрдэнэ. 

Үүсгэх буюу тодорхойлох хэм хэмжээ эрх зүйн харилцаанд оролцогч этгээд, өртөгч обьект, нөхцөл байдал, үйл явдлыг тодорхойлон томьёолж өгдөг. Жишээлбэл “гэрлэлт”-ийг хуулиар тодорхойлж, эрэгтэй, эмэгтэй (зарим улс оронд ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрчээ) хүмүүсийн сайн дурын үндсэн дээр үүсэх харилцаа гэж тодорхойлсноор эрүүл мэндийн даатгал, гэр бүлийн өмчийн харилцаа, асран хамгаалах, өв залгамжлах зэрэг олон харилцааны үндэс суурийг тавьдаг. Үүсгэх буюу тодорхойлох хэм хэмжээний өөр нэгэн жишээ бол Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмийн төслийг боловсруулагчид дүрмийн үндсэн хэсгүүдэд “дайн” гэсэн ойлголтыг хэрэглээгүй, “зэвсэглэн хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх” гэсэн нэр томёог хэрэглэсэн явдал бол 1930–аад онд улс үндэстэнүүд зэвсэгт мөргөлдөөнд оролцож байсан хэдий ч Засгийн газрууд дайн бүхий нөхцөл байдал гэж зарлалгүй олон хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж байсантай холбоотой юм. Иймд дүрмийн төслийг боловсруулагчид дэлхий нийтийн улс төрийн бодлогод зэвсэгт мөргөлдөөн гэдэг нэршилийг нэвтрүүлэх үндэслэл болсон гэдэг. 

Зохицуулах хэм хэмжээ нь харилцаанд оролцогчид өөр хоорондоо болон харилцааны обьект, нөхцөл байдал, үйл явдалд хандах дэг журмыг тодорхойлно. Энэ нь хориглоно, үүрэгтэй, эрхтэй гэсэн томьёоллоор голлон илрэх бөгөөд хот, суурин газар болон хурдны замд тогтоосон дээд хурдны хязгаарлалт нь зохицуулах хэм хэмжээний түгээмэл жишээ юм. 

Үр дагаварын буюу хариуцлагын хэм хэмжээ нь тодорхой нөхцөл байдалд дүрэм журмыг биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй, түүнд хүлээлгэх хариуцлага, үр дагаврыг тогтооно. Жишээ нь хот тосгонд “Хог хаяж болохгүй” гэсэн тэмдэглэлийн дор “Торгоно” гэсэн нь үүрэг болгосон хэм хэмжээг хэрэгжүүлээгүй тохиолдолд үүсэх хариуцлагыг заана. 

Үндэсний эрх зүйд хэм хэмжээний эдгээр төрлийг хуульд системтэй тусгадаг боловч төрөлжсөн хуулийн аль ч хэсэгт тухайн хэм хэмжээ туссан байж болно. Тодорхойлох буюу үүсгэх хэм хэмжээг хуулийн “нэр томьёо” гэсэн хэсэгт тухайлан заадаг хэдий ч Эрүүгийн, иргэний зэрэг төрөлжсөн хуулийн хувьд та хаанаас ч энэ төрлийн хэм хэмжээг олж унших боломжтой юм. Хууль зүйн “зөв үндэслэгээ” тогтоох гэж буй хэнд боловч эрх зүйн хэм хэмжээний төрлийг нарийвчилж тодорхойлох чадвар чухал байна. 

Парламентаас батлан гаргасан хууль, заншлын хэм хэмжээг хэрэглэхэд үндэслэгээг тогтоох 3 үндсэн шат бий. 

Нэгдүгээрт, эрх зүйн тогтолцоог тодорхойлох. Үндэсний эрх зүйн тогтолцоонд энэ нь тулгамдсан асуудал биш боловч холбооны улсын хувьд аль мужийн хууль үйлчлэх, мужийн хууль болон холбооны хууль хоорондын хүчин чадал зэрэг олон асуудлыг тунгаах шаардлагатай болдог. Олон улсын эрх зүйн түвшинд нөхцөл байдал өөр. Хэдийгээр олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг улс үндэстэн бүр дагаж мөрдөх үүрэгтэй ч эдгээрийн эзлэх хэмжээ харьцангуй бага. Олон улсын харилцаанд хууль тогтоогч гэсэн ойлголт байхгүй тул улсууд нэгдэн орох гэрээ, конвенцийг сайн дурын үндсэн дээр сонгодог. Иймд олон улсын гэрээг хэрэглэх тохиолдолд хэрэг маргаанд холбогдсон бүх улсууд тухайн гэрээг соёрхон баталсан эсхүл гэрээнд нэгдэн орсон эсэхийг нягтлах шаардлага гардаг. 

Хоёрдугаарт чухам аль хэм хэмжээг хэрэглэх вэ гэдгийг сонгох шаардлагатай. Энэ шатанд тухайн фактад шууд үйлчлэх хэм хэмжээг тодорхойлох бөгөөд энэ жишээнд хуулиар тогтоосон ямар үйлдэл, эс үйлдэхүй, шинж тохирох вэ гэдэг асуултанд хариулах замаар ажиллана. Жишээ авч үзвэл, А-ийн гарт гар буу байсан бөгөөд тэрбээр Б-ийн толгойн тус газар чиглүүлж, бууны гохыг дарсан байна. Гар буу цэнэгтэй, ажиллагаатай байсан, чиглүүлсэн байсан бөгөөд үүний улмаас Б нас барсан. Үүнээс бид А-ийн гарт гар буу байсан, буудсан, Б нас барсан гэж дүгнэж байна. Харин энэ явдал золгүй тохиолдол (казус), аргагүй хамгаалалт эсхүл бүр бусдыг санаатай алах гэмт хэрэг мөн эсэх нь тодорхойгүй юм. Эрх зүйн эдгээр гаргалгаа Б нэгэнт нас барж эрх зүйн чадвараа алдсан тул түүнд хамаарахгүй бөгөөд харин А-ийн хувьд ямар үр дагавар гарч болохыг тогтоох ёстой. Үүний тулд А-ийн Б рүү чиглүүлсэн гар бууг А,Б нар цэнэгтэй байсныг мэдэж байсан уу? Б нь А руу санаатайгаар довтолж байсан уу? А болон Б нар харилцан зодолдож байсан уу? А нь Б-ийн өмнө гаргасан үйлдлээс болж өш хонзон санаж байсан уу? зэрэг олон асуулт гарна. Эдгээр асуултад хэрхэн хариулж, тохирох үйлдэл, эс үйлдэхүйг хийсвэр хэм хэмжээнд тохируулах нь өмнө дурдсан золгүй тохиолдол, аргагүй хамгаалалт, бусдыг санаатай алах гэмт хэрэг гэсэн ялгаатай эрх зүйн дагаврыг сонгох замыг тодорхойлно. 

 Гуравдугаарт, хэрэглэгдэх эрх зүйн хэм хэмжээг тодорхойлсон бол үр дагаврыг тодорхойлно. Хэрэв А-ийн үйлдлийг золгүй тохиолдол эсхүл аргагүй хамгаалалт гэж үзвэл хариуцлага хүлээлгэхгүй нь ойлгомжтой билээ. Б-ийн үхэл золгүй тохиолдол болж А нь зөвхөн ёс суртахууны хувьд хариуцлага хүлээнэ. Хэрэв А-ийн үйлдэл гэмт хэргийн шинжтэй бол эрх зүйн хүнд хариуцлага хүлээнэ. 

Төгсгөлд нь хууль зүйн үндэслэгээг зөв бөгөөд оновчтой гаргахын тулд эрх зүйн хэм хэмжээг гүн гүнзгий ойлгож мэдсэн, нөхцөл байдал, харилцааны үндсийг судалсан байх, логикийн индукцийн болон дедукцийн шинжилгээний чадварыг сайтар эзэмшсэн байхыг шаарддаг.